Монгол дээл
Монгол хувцас нь үндэстэн ястан болоод нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн хувцас хэрэглэл байдаг.
- Малгай
- Дээл
- Хантааз, Ууж
- Бүс
- Өмд
- Гутал
Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүрээр хөгжсөөр ирсэн юм.
Дээлийн зах, энгэр, ханцуйг дотогш нугалахгүй. Энэ нь муу ёр, ёс мэддэггүй, бүдүүлэг, балмад хүний шинж хэмээн цээрлэнэ. Дээлийг нөмгөн өмсөхийг цээрлэнэ. Мөн дээлийн ханцуйг дотогш нугалан шамлахыг цээрлэнэ. Энгэр заамаа задгайлж айлд орох, хүнтэй уулзахыг цээрлэдэг. Дээл өмссөн хүн их хүмүүжилтэй, төв үзэлтэй харагддаг. Сайхан монгол дээл өмссөн эмэгтэй үсээ задгай тавьж болдоггүй байдаг байна.
Дээл хувцсыг хадгалах, хураах, эвхэж, тавих зэрэгт захыг үүд рүү буюу доош хандуулах ёсгүй. Эзэн хүний сүлд, хийморь доройтно гэдэг.
Монгол дээлээ өмсөж үүнээрээ гоёх нь монгол үндэстний уламжлалт хувцас буюу дээлээрээ бахархалж байгаагийн шинж юм.Тиймээс монгол дээлээ өмсөн хэвшиж байцгаая!
Comments
Post a Comment